Пневматик буюу даралтат хийн систем нь шахагдан хураагдсан хадгалагдсан хийг ашиглан үүссэн энергээр нь ажил хийж гүйцэтгэдэг. Гар болон автомат машинуудад ашиглаж болох бөгөөд уул уурхай, барилга зам зэрэг салбаруудад өргөн хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл маш өргөн хүрээгээр ашиглагддаг системүүдийн нэг билээ.
Агаарыг даралттай болгон шахагч компрессор болон аливаа зүйлсийг өргөх, тээвэрлэх, зөөх зориулалт бүхий багаж(актуатор) гэсэн хоёр хэсгээс даралтат хийн систем бүрддэг. Мөн энэхүү системд компрессороос багаж хүртэл даралттай хийг хүргэх хоолой ба хийг хуваарилах хавхлагууд бүхий систем багтана.
Даралтат хийгээр ажилладаг төхөөрөмжүүд нь давшиж буцах, эргэлдэх болон хазайх гэх мэт гурван төрлийн хөдөлгөөнийг хийдэг учир бид өдөр тутмын хэрэгцээндээ бараа материалыг зөөх, шилжүүлэх, ялгаж ангилах, сав баглаа боодлыг хийж гүйцэтгэх, өрж байршуулах, тэмдэглэж марклах зэргээр ашигладаг.
Орчин үеийн техник технологийн хөгжлийн үр дүнд даралтат хийгээр ажилладаг тоног төхөөрөмжүүдийн чанар болон хэрэглээ улам бүр өсч тоног төхөөрөмжүүдийн автоматжуулалтат өргөнөөр ашиглагдах болжээ. Орчин үеийн усан хангамжийн систем, химийн үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл зэрэг маш олон үйлдвэрлэлийн салбаруудын автоматжуулагдсан тоног төхөөрөмжүүдэд даралтат хийгээр ажилладаг олон олон төхөөрөмжүүд ажиллаж байгааг та харж болно.
Даралтат хийгээр ажиллагч тоног төхөөрөмжүүдийн салбарт гарсан техник технологийн шинэчлэл нь оюун ухаан, бүтээлч байдал ихээхэн шаардагдсан орчин үеийн хүний хүч хөдөлмөрийг хөнгөвчлөх робот техникийн салбар зэрэгт дэвшил гарахад ихээхэн нөлөө үзүүлсэн билээ.